МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр | Улаанбаатар хот |
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хууль тогтоомж
2.1.Эрчим хүчний тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
2.3.Цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
2.4.Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хэмнэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
2.5.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.2.“эрчим хүчний нөөц” гэж цахилгаан, дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж болох бүх төрлийн түлш, сэргээгдэх болон бусад эх үүсвэрийг;
3.1.3.“түлш” гэж цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглагдах бүх төрлийн нүүрс, занар, мазут, газрын тос, уран ба торийн хүдэр, тэдгээрийн дагавар бүтээгдэхүүн болон баяжмал, байгаль дээр оршиж байгаа биомасс, бусад органик материал, хийн түлшийг;
3.1.4.“эрчим хүчний эх үүсвэр” гэж эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг;
3.1.5.“нэгдсэн сүлжээ” гэж цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хоорондоо холбогдсон эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээний нэгдлийг;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.6.”нэгдсэн сүлжээний дүрэм” гэж нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;
3.1.7.“цахилгаан дамжуулах сүлжээ” гэж нэгдсэн сүлжээ үүсгэж байгаа цахилгаан дамжуулах зориулалт бүхий 110 кв, түүнээс дээш хүчдлийн шугам, дэд станц, түүнчлэн энэ сүлжээнд холбогдсон, эсхүл техник, технологийн хувьд энэ сүлжээнд хамрагдах шаардлагатай бусад хүчдлийн шугам, дэд станцыг;
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.8.“цахилгаан түгээх сүлжээ” гэж эх үүсвэрээс шууд холбогдсон болон цахилгаан дамжуулах сүлжээний дэд станцаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх цахилгаан түгээх зориулалт бүхий 110кВ, түүнээс доош шугам, дэд станцыг;
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.9.“эрчим хүчний барилга байгууламж” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг;
3.1.10.“эрчим хүчний барилга байгууламж барих” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станцыг барьж байгуулах, технологийн үндсэн тоноглолд техникийн шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэхийг;
3.1.11.“төвлөрсөн дулаан хангамж” гэж дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг болон дулааныг дангаар үйлдвэрлэдэг эх үүсвэрээс диспетчерийн зохицуулалттайгаар, эсхүл төв суурин газрын нийт хэрэглээний 50 хувиас дээш хэсгийг шугам сүлжээгээр хангах үйл ажиллагааг;
3.1.12.“төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм” гэж төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;
3.1.13.“дулаан дамжуулах сүлжээ” гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг;
3.1.14.“дулаан түгээх сүлжээ” гэж дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг;
3.1.15.“халаалтын улирал“ гэж барилга, байгууламжийг дулаанаар хангах шаардлагатай, хүний ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон жилийн цаг агаарын дундаж үзүүлэлтэд тулгуурлан тогтоосон хугацааг;
3.1.16.“эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;
3.1.17.”эрчим хүчний зохицуулалттай хангалт” гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн тариф /цаашид “зохицуулалттай тариф” гэх/-аар хэрэглэгчид эрчим хүч худалдахыг;
3.1.18.“эрчим хүчний зохицуулалтгүй хангалт” гэж гэрээний үнээр хэрэглэгчид эрчим хүч худалдахыг;
3.1.19.“хэрэглэгч” гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;
3.1.20.“хэрэглэгчийн зэрэглэл” гэж эрчим хүчээр хангах гэрээний нөхцөл болон эрчим хүчний хэрэглээний хэмжээ, хугацаанаас хамааруулан хэрэглэгчийг ангилахыг;
3.1.21.“аж ахуйн харилцааны дүрэм” гэж хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг;
3.1.22.“тариф” гэж үйлдвэрлэгчийн үнэ, дэмжих тариф диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг;
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.23.“цөмийн эрчим хүчний нөөц” гэж эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор цөмийн эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох цөмийн түлшийг;
3.1.24.“цөмийн эрчим хүч” гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн эрчим хүчийг;
3.1.25.“цөмийн эрчим хүчний эх үүсвэр” гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж эрчим хүч үйлдвэрлэж байгаа байгууламжийг;
3.1.26.“диспетчерийн зохицуулалт” гэж диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлэн нэгдсэн сүлжээний өдөр тутмын шуурхай үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохицуулахыг;
3.1.27.“индексжүүлэлт” гэж хэрэглэгчид худалдах эрчим хүчний үнэ тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардлын үндсэн хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан тооцож зохицуулахыг;
3.1.28.“аюулгүйн нөөц” гэж гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн хохирлыг сулруулах, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний аюулгүй байдлыг хангах зорилгоор зайлшгүй шаардлагатай нөөцлөх түлш, шатах тослох материал, тоног төхөөрөмж, бэлтгэл чадлыг;
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.29.“хэрэглэгчийн ангилал” гэж хэрэглээний шинж чанар, эрчим хүчээр хангах зардал зэргийг үндэслэн хэрэглэгчийн тарифыг тогтоох зорилгоор хэрэглэгчийг ангилахыг.
3.1.30.“хийн хангамжийн дүрэм” гэж метан хийн хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн хяналтын нэгдсэн зохицуулалт, техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.31.“хийн хангамжийн сүлжээ” гэж метан хийг боловсруулах, цэвэрлэх, хадгалах, тээвэрлэх, дамжуулах, түгээх шугам, тоног төхөөрөмж бүхий төлөвлөлт, эдийн засаг, удирдлага, зохицуулалтын нэгдмэл үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.32.“магадлал” гэж эрчим хүчний барилга байгууламж, түүнд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, техник, технологи, нэгдсэн төсөв нь норм, дүрэм, стандартын шаардлага хангасан талаар мэргэшсэн шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааг;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.33.“бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” гэж эрчим хүч экспортлох, эсхүл гэрээний хугацаанд хэлцлийн үнээр эрчим хүч нийлүүлэх хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай эрчим хүч үйлдвэрлэгчийг;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.34.“эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээг.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
4.1.Улсын Их Хурал эрчим хүчний талаархи төрийн бодлогыг тодорхойлж, цөмийн эрчим хүчний эх үүсвэр барих асуудлыг шийдвэрлэнэ.
5 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
5.1.Засгийн газар эрчим хүчний талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.эрчим хүчний талаархи төрийн бодлого, эрчим хүчний тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
5.1.2.эрчим хүчний зохицуулах хороог байгуулах, дүрмийг нь батлах;
/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.3.эрчим хүч хэрэглэх болон эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, дамжуулах сүлжээний хамрах хүрээг тогтоох.
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.4.эрчим хүчний аюулгүйн нөөц болон хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, нөөцийн жагсаалтыг батлах;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.1.5.эрчим хүчний хөгжил, стратегийн болон нормативын баримт бичиг боловсруулах, эрчим хүчний үндэсний балансыг гаргах судалгаа, шинжилгээний байгууллага байгуулах, түүнтэй холбогдох зардлыг санхүүжүүлэх журам батлах;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.1.6.бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчид шаардлагатай дэмжлэг үзүүлэх.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
6.1.Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.эрчим хүчний тухай хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;
6.1.2.эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаархи төрийн бодлогыг боловсруулах;
6.1.3./Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.4.байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд эрчим хүчний хангамжийн талаар мөрдөх журам батлах;
6.1.5.нэгдсэн сүлжээ, хийн хангамж, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны болон магадлал хийх дүрэм, журам батлах, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.1.6.тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгохтой холбогдон гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргах;
6.1.7./Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.8.эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн статистик мэдээллийг авах, эрчим хүчний үндэсний баланс гаргах, нормативын баримт бичгийг батлах, стандарт боловсруулах;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1.9.эрчим хүчний нөөцийн үнэлгээ хийх журмыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.1.10.эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогыг боловсруулах;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.1.11.халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох.
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.1.12.эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаарх төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.1.13.эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.1.14.эрчим хүчний шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталгаажуулах, магадлал хийх ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.1.15.эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг холбогдох байгууллагад олгох;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.1.16.уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэрийн талаар судалгаа хийх, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1.17.эрчим хүчний алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал боловсруулах.
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1.18.хийн хангамжийн сүлжээнд нийлүүлэх хийн холболтын болон хүргэлтийн эцсийн цэг, байршлыг батлах, гэрээ байгуулах шийдвэр гаргах.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.2.Эрчим хүчний үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн удирдлагыг томилох, чөлөөлөхөд эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь эрх бүхий байгууллагатай зөвшилцөнө.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
61 дүгээр зүйл./Энэ зүйлийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
7.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга бүс нутгийн цаг уурын байдалд тохируулан халаалтын улирлын эхлэх, дуусах хугацааг тогтооно.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.3.Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
8 дугаар зүйл.Эрчим хүчний зохицуулах хороо
8.1.Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.2.Зохицуулах хороог орон тооны гурав, орон тооны бус хоёр, нийт таван гишүүний бүрэлдэхүүнтэй зохицуулагчид удирдана.
8.3.Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, орон тооны бус хоёр зохицуулагчийг Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн саналыг тус тус үндэслэн Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилно. Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно.
8.4.Зохицуулагч эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн эрхтэй байна.
8.5.Зохицуулах хорооны дэргэд хэрэглэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тэнцүү тооны төлөөллөөс бүрдсэн, зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байгуулж болно.
8.6.Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлсөөр санхүүжинэ.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.7.Зохицуулах хороо санхүүгийн тайлангаа жил бүр аудитаар баталгаажуулж нийтэлнэ.
8.8.Зохицуулах хороо нь ажлын албатай байх ба ажлын албыг ажлын албаны дарга удирдах бөгөөд ажлын албаны даргыг зохицуулах зөвлөлөөс томилж, чөлөөлнө.
8.9.Ажлын албаны дүрмийг Зохицуулах хороо батална.
/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9 дүгээр зүйл.Зохицуулах хорооны бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.1.Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.1.1./Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
9.1.2.энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
9.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.1.4.тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.1.5.эрчим хүчний хэрэглээг хамгийн бага өртгөөр хангах чадавхийг бүрдүүлсэн, зохих ашгийн түвшин бүхий үнэ, тарифын тогтолцоог бий болгох;
9.1.6.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх;
9.1.7.хэрэглэгчийн зэрэглэлтэй уялдуулан эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, хангагчаас хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний түвшинг тодорхойлох, хэрэгжилтийг хянах;
9.1.8.тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь өөрчлөн зохион байгуулагдах, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг шинэчлэх, өөрчлөх, тэдгээрийг өмчлөх эрхээ шилжүүлэх, барьцаалах нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол тухайн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх;
9.1.9.тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, техник, эдийн засгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бий болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс холбогдох мэдээллийг гаргуулах;
9.1.10.зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээг бүртгэх;
9.1.11.аж ахуйн харилцааны дүрэм батлах;
9.1.12.аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, гишүүдийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх;
/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
9.1.13.тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч цахилгаан, дулаан нийлүүлэх, авах зорилгоор цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдоход шаардагдах санхүү, техник, цаашид бусад хэрэглэгчийн холболтын журам батлах;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.1.14.эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг батлах, тооцоог хянах;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.1.15.энэ хуулийн 25.1.9-д заасан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хянаж, хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх асуудлыг тарифын зохицуулалтаар шийдвэрлэх.
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.1.16.эрчим хүчний үнэ, тарифыг индексжүүлэх журам батлах;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.1.17.хэрэглэгчид ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлөх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрчим хүчний үнэ тарифын алдагдалтай холбоотой татаасыг улсын төсвөөс олгох асуудлыг Засгийн газарт оруулах;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.1.18.эрчим хүчний зохицуулалттай үйлчилгээний хөлс тооцох аргачлал, уг үйлчилгээний хөлсний хэмжээг батлах;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
9.1.19.тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэл, суурь зарчмыг техник, эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой байх нөхцөлийг шалгуур болгон тогтоох;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.1.20.Зохицуулах хорооны төсвийг батлах, ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлагнах.
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт болон дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
9.1.21.бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчтэй байгуулах эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний загварыг батлах, гэрээг бүртгэх;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.1.22.бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийн гэрээний гарааны үнийг баталгаажуулах.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.1.23.Зохицуулах хорооны дүрэмд заасан бусад эрх, үүрэг.
/Энэ заалтын дугаарт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.2.Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10 дугаар зүйл.Диспетчерийн үндэсний төв
10.1.Диспетчерийн үндэсний төв нь нэгдсэн сүлжээгээр эрчим хүч импортлох, экспортлох, эрчим хүчний диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч байна.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
10.1.1./Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10.1.2./Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10.1.3./Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10.2.Нэгдсэн сүлжээний арилжааны үйл ажиллагааг удирдан явуулна.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.3.Диспетчерийн үндэсний төв нь диспетчерийн зохицуулалтын үйлчилгээний хөлс, тухайн жилийн төсвөө эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж, ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг түүнд жил бүр тайлагнана.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.4.Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс сүлжээнд нийлүүлэх эрчим хүчийг энэ хуулийн 6.1.15-д заасны дагуу эрх авч гэрээ байгуулан, уг гэрээний дагуу зохицуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
11 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл
11.1.Аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ.
11.2.Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь нийт гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Гурван гишүүний нэг нь орон тооны байна. Зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох журмыг Зохицуулах хороо тогтооно.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.3.Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь энэ хуулийн 9.1.6, 9.1.7, 9.1.8, 9.1.9, 9.1.10-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:
11.3.1.энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
11.3.2.тухайн орон нутагт олгосон тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах.
11.3.3.Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх.
/Энэ заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.4.Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан зардлаа тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хөлснөөс санхүүжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
12 дугаар зүйл.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгох
12.1.Хуулийн этгээд дараахь үйл ажиллгагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ:
12.1.1.цахилгаан үйлдвэрлэх;
12.1.2.дулаан үйлдвэрлэх;
12.1.3.цахилгаан дамжуулах;
12.1.4.дулаан дамжуулах;
12.1.5.диспетчерийн зохицуулалт хийх;
12.1.6.цахилгаан түгээх;
12.1.7.дулаан түгээх;
12.1.8.эрчим хүчээр зохицуулалттай хангах;
12.1.9.эрчим хүчээр зохицуулалтгүй хангах;
12.1.10.цахилгаан импортлох, экспортлох;
12.1.11.эрчим хүчний барилга байгууламж барих;
12.1.12.хийгээр хангах.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
12.2.Улсын хилийг дайран өнгөрөх шугам, 5 МВт-аас дээш хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж барих, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр Зохицуулах хороо олгоно.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.3.Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд энэ хуулийн 12.1.1-12.1.10, 12.1.12-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Зохицуулах хороо олгоно.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.4.Энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл олгоно.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.5.Иргэн, хуулийн этгээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хүн амын хэвийн амьдралд хохирол учруулахааргүй аргаар зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор 1.5 МВт хүртэл хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр, түүний дамжуулах, түгээх шугам барих, ашиглахад тусгай зөвшөөрөл авахгүй.
12.6.Хэрэглэгчийн өөрийн технологийн хэрэгцээнд зориулан татсан шугам, дэд станц, түүнээс авсан хэрэглэгчийн шугам сүлжээнд тухайн хуулийн этгээдэд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдэд цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл олгохгүй.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13 дугаар зүйл.Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
13.1.Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэж, эрчим хүчний эх үүсвэрийг цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбох эрх олгоно.
13.2.Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгаан, дулаан худалдах үнэ, нөхцөлийг дор дурдсанаас бусад тохиолдолд Зохицуулах хороогоор хянуулж батлуулна:
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.2.1.зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэх;
13.2.2.экспортлох зорилгоор нэгдсэн сүлжээнд холбогдохгүйгээр цахилгаан үйлдвэрлэх;
13.2.3.гэрээний үнээр цахилгаан, дулаан худалдах.
14 дүгээр зүйл.Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл 14.1.Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулааны дамжуулах сүлжээг ашиглан цахилгаан, дулаан дамжуулах үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно.
14.2.Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь эрх, үүрэгтэй:
14.2.1.цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагааг болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах, дамжуулах сүлжээг ашиглах, засвар үйлчилгээ хийх, өргөтгөх үйл ажиллагаа эрхлэх;
14.2.2.энэ хуулийн 9.1.13-т заасан холболтын журмыг боловсруулах, батлуулах, мөрдөх;
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.2.3.тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тэгш эрхтэйгээр дамжуулах сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх.
14.3.Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрчим хүчээр хангагч байж болохгүй.
14.4.Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
15 дугаар зүйл.Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл 15.1.Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлөөр диспетчерийн үндсэний төвд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг шуурхай зохицуулж, үйлдвэрлэлийг хэрэглээтэй тэнцвэржүүлэх эрх олгоно.
15.2.Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь эрх, үүрэгтэй:
15.2.1.цахилгаан, дулааныг стандартын шаардлагад нийцүүлэн найдвартай хангах зорилгоор цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн шуурхай зохицуулах;
15.2.2.байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахилгаан, дулааны хангамжийг таслах, хязгаарлах, сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
15.2.3.цахилгаан, дулаанаар хангах гэрээг Зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу бүртгэх;
/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр |
|