Түүхийн улбаа XVII-XVIII зуун
Маймаачин–Хиагт боомтод арилжаалдаг гол нэрийн бараа нь цай байсан учраас уг боомтыг дайрсан замыг Цайны зам гэх болжээ.
Цайны зам нь Бээжингээс Москва хүртэл нийт 9000 орчим км газрыг хамардаг, 300 жил үргэлжилсэн худалдааны чухал зам байсан юм.
Буурын гэрээ ёсоор 1727 онд Маймаачин хотыг /одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум/ байгуулсанаар цайны зам дагасан худалдааны эргэлт эрс нэмэгдсэн гэдэг.
Он цагийн хэлхээс
1995 онд Монгол Улсын Улсын Их Хурлын 87 дугаар тогтоолоор “Монгол улсад Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал” батлагдав.
Улмаар 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Чөлөөт бүсийн тухай” хууль, “Алтанбулаг“ худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль” тус тус батлагдсан.
Монгол Улсын Улсын Их Хурлын 2002 оны 38 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 500 га газарт “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг байгуулахаар тогтоосон.
Засгийн Газрын 2002 оны 227 дугаар тогтоолоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, тухайн бүсэд ажиллах мэргэжлийн албаны бүтэц, орон тоог баталж “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг байгуулсан.
2003 онд Засгийн газрын 55 дугаар тогтоолоор "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд барих барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, мастер төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төслүүдийг боловсруулах ажлыг эрчимжүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авахаар болж “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн болон “Алтанбулаг” сумын Ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөөг боловсруулахаас ажлаа эхлүүлсэн.
Энэ ажлыг 2004 онд боловсруулан Алтанбулаг сумын Ерөнхий төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн ИТХ-аар батлуулан, чөлөөт бүсийн Ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлэн Үйлдвэр худалдааны яаманд хүлээлгэн өгсөн.
Засгийн Газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын дэглэмд шилжүүлэн нээн ажиллуулсан.
"Чөлөөт бүсийн тухай" хуулийн шинэчилсэн найруулга 2015 онд батлагдаж хэрэгжиж байна.
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 126 тоот тогтоолоор "Алтанбулаг", "Замын-үүд", "Цагааннуур" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг тус тус шинэчлэн тогтоосон.
Цаг үеийн тойм
Монгол улсын бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050“, Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт туссан чөлөөт бүсүүдийн хөгжлийг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
- “Алтанбулаг” чөлөөт бүсийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулан батлуулж хэрэгжүүлэх.
- Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх
- Чөлөөт бүсийн авто замын зураг төслийг шинэчлэн барилга угсралтын ажлыг эхлүүлэх
- Сэлэнгэ–Алтанбулаг чөлөөт бүсийн төмөр замын зураг төсөл, ТЭЗҮ-ийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
- Цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлыг бүрэн дуусгах