ЭРХЭМ ТА БҮХНИЙ ЭНЭ ӨДРИЙН ТҮМЭН АМГАЛАНГ АЙЛТГАН МЭНДЧИЛЬЕ
Монгол улсын “Алтанбулаг” чөлөөт бүс нь Ази Европийг холбосон стратегийн ач холбогдол бүхий байршилд оршдог бөгөөд алдарт “Цайны зам”-аас түүхэн улбаатай билээ.
Монгол улсын бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050“, Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт тусгагдсан чөлөөт бүсүүдийн хөгжлийг эрчимжүүлэн хөгжүүлэх талаар зорилт тавин ажиллаж байна.
“Алтанбулаг” чөлөөт бүс нь 2014 оноос эхлэн байнгын дэглэмд шилжин ажилласнаар өдгөө хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын цар хүрээ тэлж, чөлөөт бүсийн нэвтрэлт, худалдааны урсгал өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд хууль журмуудын зохицуулалт, төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тухайн чөлөөт бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх эрхэм зорилготой.
Манай цахим хуудаснаа зочлон холбогдох хууль, баримт бичиг, цаг үеийн мэдээ мэдээлэлтэй танилцан санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Чөлөөт бүсээ олон улсын жишигт хүргэх их үйл хэрэгт хамтран зүтгэхийг Та бүхэнд уриалж байна.
ЗАХИРАГЧ Б.АЗЖАРГАЛ