Хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй нөхцөлийг амлана
Ярилцлага
“Алтанбулаг”-ийн чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргалтай ярилцлаа. “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна” хэмээн тэрбээр онцоллоо.
-“Алтанбулаг”-ийн чөлөөт бүсэд хуулийн шаардлагад нийцсэн ямар үйл ажиллагаа явуулж болох вэ?
-Үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, төлбөрт таавар, бооцоот тоглоом зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болно. Чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж иргэн, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж, улмаар бизнест илүү ээлтэй нөхцөлийг бий болгохоор ажиллаж байна.
-Зориод ирсэн хөрөнгө оруулагчдад ямар давуу тал олгох вэ?
-“Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хүрээнд “Алтанбулаг” чөлөөт бүс нь Евро-азийн эдийн засгийг холбосон худалдааны хамгийн дөт замд байрладаг. Манай бүсэд үйл ажиллагаа эрхэлснээр Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу татварын болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана. Мөн ОХУ, Европын зах зээлд илүү хямд өртөгтэй, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж нээлттэй. Бүсийн хэмжээнд шаардлагатай инженерийн дэд бүтцийг төсвийн хөрөнгө оруулалтаар үндсэндээ шийдчихсэн.Зарим ажил зургаан сар гэхэд бүрэн дуусна. Одоогоор төлөвлөж буй дэд бүтцийн гурван томоохон бүтээн байгуулалтын ажил үлдсэн.
-Үлдсэн ажил нь ямар ажил билээ?
-Зам, цахилгаан шугамын өргөтгөлөөс гадна цэвэрлэх байгууламжтай холбоотой ажил. Чөлөөт бүс хүртэл хатуу хучилттай авто замтай. Харин бүсийн доторх гурав орчим км сайжруулсан шороон зам бий. Чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 13.5 км хатуу хучилттай зам барихаар зорьж байгаа. Замын зураг төслийн ажил нь хийгдсэн. Цахилгаан шугамын өргөтгөлийн хувьд зураг, төсөл хийгдээгүй. Өнөөдрийн байдлаар 2004 онд хийж гүйцэтгэсэн зургаан кВ-ын цахилгаан дамжуулах агаарын түр шугамтай байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж хөрөнгө оруулалт удааширч байгаа боловч манай байгууллага гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай уулзалт хэлэлцээрүүдийг зохион байгуулж байна.
-Засгийн газрын түвшинд чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?
-Чөлөөт бүсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны дэд сайд болон албаны хүмүүстэй ирж газар дээр нь танилцаж, хөрөнгө оруулагч нартай уулзалт хийсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэж маш тодорхой заасан. Үүний дагуу Монгол Улс, ОХУ хооронд мөрдөх татварын хөнгөлөлт болон бусад шаардлагатай эрх зүйн орчныг шийдвэрлэхийн тулд Гадаад хэргийн яамнаас Евро- Азийн эдийн засгийн холбоонд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлт гаргаад байна. Чөлөөт бүсийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд ажил хүлээж аваад түлхүү ач холбогдол өгч ирлээ. Түүнээс гадна газар ашиглалтын үр өгөөжийг эргэж дүгнэсэн. Зарим аж ахуйн нэгжийн хувьд чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахаар газар авсан ч үр ашгийг нь гаргаж чадахгүй байна.
-“Алтанбулаг” чөлөөт бүсэд нийт хэчнээн аж ахуйн нэгж одоо үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар чөлөөт бүсэд бүртгэлтэй 108 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар газар эзэмших болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээтэй 51 аж ахуйн нэгж 6.2 тэрбум төгрөгийн барилга байгууламжийг хувийн хөрөнгөөр бий болгож, үйл ажиллагаа эрхлэх урьдчилсан бэлтгэл ажлаа хийж байна. Үүнээс газар дээрээ барилга байгууламж барьсан 18, үйл ажиллагаагаа эхэлсэн 13 аж ахуйн нэгж байгаа. Газар олголтыг өнгөрсөн жилүүдэд хэт замбараагүй явуулсны улмаас чөлөөт бүсийн үйл ажиллагаанд цаашид хүндрэл үүсэхээр байсан. Тиймээс газар олголтыг цэгцлэх үүднээс тухайн ашиглахаар авсан газартаа хөрөнгө оруулалт хийгээгүй аж ахуйн нэгжтэй уулзаж, зарим газар ашиглах эрхийг нь цуцалсан. Чөлөөт бүс нийт 500 га өөрийн эзэмшлийн газартай. Өөрсдийн ашиглахаар авсан газартаа үйл ажиллагаа явуулаагүй 70 гаруй аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг хүчингүй болгосон. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан бүсчлэлээ зөрчиж газар олгосон тохиолдол их. Тухайлбал, үйлдвэр барих ёстой газар худалдааны зөвшөөрөл олгосон байх жишээтэй. Үүнийг нэн тэргүүнд засаж залруулна.
-Газар ашиглах аж ахуйн нэгжтэй одоо ч гэсэн уулзаж байна уу?
-Тийм ээ. Энэ ажил ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Ямар ч үйл ажиллагаа явуулахгүй атлаа газар ашиглахаар гэрээ байгуулсан аж ахуйн нэгж болгонтой уулзаж байна. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзан өнгөрсөн хугацаанд газрын хураамжаас чөлөөлж ирсэн. Гэвч байнга толгой илээд байх боломжгүй. Чөлөөт бүсийн хөгжлийг эрчимжүүлэх үүднээс аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, үйл ажиллагаагаа энэ онд эхлэх болон хөрөнгө оруулалт татах, эсэх талаар нь тодруулж, төслийн үр өгөөжтэй нь танилцаж байна. Сарын дараа чөлөөт бүсэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Үүнээс өмнө газар ашиглах нэрээр аваад огт үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуйн нэгжтэй уулзаж байгаа нь энэ. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд цөөнгүй ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байна.
-Чөлөөт бүс улсын төсөвт хэчнээн төгрөгийн орлого төвлөрүүлээд байна вэ?
-2008-2016 оны хооронд аж ахуйн нэгжүүдээс нийт 959.8 сая төгрөгийн газрын төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Өнгөрсөн онд 16 аж ахуйн нэгжээс 24.6 сая төгрөгийн газрын төлбөрийг улсын төсөвт бүрдүүлсэн. Чөлөөт бүсийн боломж, давуу талыг цөөн аж ахуйн нэгжийн үр дүнгээс харж болно.
-Чөлөөт бүсэд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа хэчнээн аж ахуйн нэгж байна вэ?
-Зургаан аж ахуйн нэгж бий. Тэдгээр нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр давхардсан тоогоор 40 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж байна.
-Чөлөөт худалдааны бүсэд нийт хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-Манайх нийт 40 гаруй ажилтантай. Үүний 20 орчим нь “Алтанбулаг” чөлөөт бүсэд байнгын ажилладаг. Үлдсэн нь төв дээр.
-Төсөл нь бэлэн, хөрөнгө оруулалт нь тодорхой аж ахуйн нэгжид чөлөөт бүсийн зүгээс газар ашиглах уу?
-Үйл ажиллагаа явуулахаар зорьж байгаа компани, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжинэ. Чөлөөт бүсэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах хэрэгцээ шаардлага их байна. Төсвөөс энэ онд чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт гэж батлаагүй. Тиймээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад онцгой ач холбогдол өгнө. Төсөв хүндрэлтэй ч “Алтанбулаг” чөлөөт бүсийн хувьд бие даан хөгжих боломжтой. Тэгэхээр чөлөөт бүсийн үйл ажиллагаа илүү эрчимтэй үргэлжилнэ гэсэн үг. Энэ оноос олон улсын тээвэр манай бүсээр дамжин өнгөрөхөөр болж байгаа. Үүнийг дагаад манай үйл ажиллагаа идэвхжиж, бүс нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэж харж байна.
-Чөлөөт бүсэд оруулсан хөрөнгө оруулалтынхаа 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр байгаа. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд олзуурхах боломж болов уу?
-Чөлөөт бүсүүдийн 80 гаруй хувь нь гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэн хөгжсөн байдаг. Тэдний арга, туршлагыг аваад үзэхэд, хөрөнгө оруулалтыг татахад бүхий л үйл ажиллагаа нь түлхүү чиглэсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгждээ илүү сайн нөхцөл санал болгосон байдаг. Бидний зүгээс ч ялгаагүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Засгийн газраас чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болсон
-“Алтанбулаг” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт эхэлчихсэн үү. Газар ашиглах эрхийг хэдэн жилээр олгож байгаа вэ?
-Чөлөөт бүсийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн бүсэд зориулалтын дагуу газар эзэмших, ашиглах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагын дунд төсөл сонгон шалгаруулалтыг зарласан. Төсөл шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх болон төсөл хүлээн авах хугацаа ирэх сарын 24-нөөр дуусгана. Өөрийн төсөлд шаардагдах хэмжээний газарт төслөө бичиж ирүүлэх хэрэгтэй. Чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах хугацаа 5-15 жил.
-Чөлөөт бүсийн гүйцэтгэх үүргийг та хэрхэн тодорхойлох вэ?
-Өнөөдөр дэлхийн 130 гаруй оронд 45 мянга орчим чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 66 сая хүнийг ажлын байраар хангаж, 500 гаруй тэрбум ам.долларын бараа эргэлт гүйцэтгэдэг гэсэн Дэлхийн банкны судалгаа бий. Чөлөөт бүс нь худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлж ирсэн. Манай улс давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг 33, хөрөнгө оруулалтын дэмжих, харилцан хамгаалах хоёр талт хэлэлцээрийг 39 улстай байгуулсан. Энэ нь хөрөнгө оруулагчдыг татах давуу тал болж байна.