Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Чөлөөт бүсийн захиргаанаас өнгөрсөн онд бүтээн байгуулалтын болоод тохижилт соёлжилтын нэлээд ажлыг хийж амжуулжээ. Тухайлбал чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ ажиллах таатай орчинг бүрдүүлэхийн тулд цэвэр бохир ус, цахилгаан хангамж, барилга байгууламжтай холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн байна. Хамгийн гол нь Алтанбулагаас Сүхбаатар хүртэлх 25 км-ийн бохирын шугамын асуудлыг бүрэн шийдвэрлэж ашиглалтанд оруулсан нь цаашид өшөө олон барилга байгууламж баригдах, цаашлаад чөлөөт бүсийн хөгжил дэвшилд ахиц гаргах алхам болжээ. Ингээд Чөлөөт бүсийн Сэлэнгэ аймаг дахь салбарын захирал Раднаагийн Өлзийбаатартай хийсэн ярилцлагаа хүргэе.
-Сайн байна уу? та. Сайхан өвөлжиж байна уу? Танай чөлөөт бүсээр ирээгүй удсан байна. Их зүйл өөрчлөгджээ. Захирагчийн алба тань өөрийн гэсэн сайхан байртай болсон байх чинь. Ямарч том саруулхан юм бэ дээ.
-Сайн сайн. Та бүхэн сайн явж байна уу? -Тийм шүү. /инээв/. Бид их зүйлийг хийж амжуулсан байгаа.
-Танай хамт олон өнгөрсөн онд их чухал асуудлуудаа шийдвэрлэж чаджээ. Өөр ямар ололт амжилт гаргав. Чөлөөт бүсийн ажил хэр өрнөж байна даа. Эндээс яриагаа эхлэх үү?
-Зөвхөн 2017 онд гэхэд 27 мянга гаруй иргэд чөлөөт бүсээр орж, гарч үйлчлүүлсэн байна. Энд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдынхаа үйл ажиллагааг саадгүй явуулахын тулд төрөөс баримтлах бодлого шийдвэр, түүнтэй холбоотой үйлчилгээний талаарх хууль тогтоомжуудыг тасралтгүй хэрэгжүүлж ирснээр чөлөөт бүсийн ажил хэвийн явагдаж байна. Алтанбулаг чөлөөт бүс 2002 онд худалдааны чиглэлээр гэсэн хуультай явж байсан. 2014 оноос Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоол гарч Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Мөн 2015 онд хууль нь батлагдаад өнөөдрийг хүртэл чөлөөт бүсийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Чөлөөт бүсд өнөөдөр хилийн цэрэг, гааль, мэргэжлийн хяналт, бусад хууль журамтай холбогдсон аж ахуйн нэгж, албан байгууллагууд хамтран үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улсад өмнө нь чөлөөт бүс гэж байгаагүй байсан болохоор эхэндээ хүндрэлтэй, тулгамдсан янз бүрийн асуудал гарч байсан. Энэ маань гааль болоод манайд холбогдолтой хууль журмын асуудал хоорондоо уялдахгүй зөрчилдөх зэргээс болж байлаа. Гэвч бидний зүгээс бүсэд хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн таатай орчинг бүрдүүлж, үйл ажиллагааг нь саадгүй явуулахын тулд бусад байгууллагуудтай уялдаа холбоотой, хамтран ажиллах нөхцлийг аль болох бүрдүүлэн ажиллаж ирлээ.
-Өнөөдөр чөлөөт бүсэд хичнээн аж ахуйн нэгж ямар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үр өгөөж нь харагдаж байна уу?
-Өнөөдөр чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 500 га талбайг хуулиар олгогдсон хамгаалалттай байдаг. Энэ талбай маань олон жил хоосон хашаа байна гэж шүүмжлэл дагуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар 20-иод аж ахуйн нэгж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Энд Казакстан улсаас чихэр, ОХУ-аас гоо сайхны бүтээгдэхүүн, Туркээс гутал, Голланд болон бусад орнуудаас архи тамхины худалдаа ороод ирсэн үйлчилж байгаа. Энд ингэж үйл ажиллагаа явагдсанаар өнөөдөр ард иргэдэд ямар ч татвар нэмэгдэхгүйгээр, зөвхөн тухайн байгууллагын тээврийн зардал шингэсэн чихэр бусад бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдаалж байна. Сар шинэтэй холбоотой ард иргэд чөлөөт бүсээр орж гарах хөдөлгөөн нэмэгдэж байна. Зөвхөн нэг өдөрт л 170 гаруй тээврийн хэрэгсэл, 300 гаруй иргэн чөлөөт бүсээр үйлчлүүлсэн байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр өнөөдөр чөлөөт бүсд хямд өртөгтэй, чанартай, барааны өргөн сонголттой бүтээгдэхүүн байна шүү гэдгийг иргэд мэдсэн учраас ирж үйлчлүүлээд байна. Энэ маань бага ч гэсэн өнөөдөр бидний хэмжээнд цаашаа өргөжихөд нэмэр болж байгаа юм.
-Анх худалдааны чөлөөт бүс яригдаж эхлэхэд их л сайхан, гоё зураг төсөл харуулаад ярьж байсан. Өнөөдөр худалдааны гэдэг үгээ аваад хаясан байна. Энэ ямар учиртай юм бол. Анхны төсөвлөсөн зураг хэвээрээ юу, хэзээ яг гүйцэд сайхан баригдах юм бол?
-Ерөнхийдөө урд нь худалдааны чөлөөт бүс гэж нэрлээд худалдаа гэдэг үгээрээ хязгаарлагдаад явж ирсэн. Одоо чөлөөт бүс маань хамгийн гол нь хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжүүдийн экспорт, импортыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн экспортыг өсөн нэмэгдүүлэх, аялал жуулчлал, тээвэр ложистик гэсэн чиглэлээр явахаар хууль нь батлагдсан. Иймээс худалдааны гэсэн хязгаарлаад байсан үгээ авсан. Тухайн үед гаргаж байсан ерөнхий төлөвлөгөөгөөр барилга байгууламж зарим нь баригдсан. Энэ маань УИХ-аар батлагдаагүй байгаа. Энэ ерөнхий төлөвлөгөө батлагдах юм бол үйл ажиллагаа цаашаа илүү сайхан явагдах байх. Аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагч нар өөрсдийнхөө авсан газар дээрээ боловсруулсан төлөвлөгөөнийхөө дагуу барилга байгууламжаа барьж, үйлдвэрлэлээ явуулж, хөрөнгө оруулалтаа хийх юм бол бүс нутгийн хөгжилд ихээхэн үр дүнгээ өгнө. Цаашдаа өргөн хүрээтэй хөгжих таатай орчин бүрдэнэ. Гэхдээ өнөөдөр ямар ч байсан тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө хэмжээнд барилга байгууламжаа бариад, сум орон нутаг болон аймагт ажлын байр бий болгоод явж байна.
-Энд хэдэн аж ахуйн нэгж ажиллаж байна. Хичнээн ажлын байр бий болсон бол. Аймаг сумын хөгжил дэвшилд ямар үр өгөөжтэй ажиллаж байна даа. 2018 онд ажлын байр нэмэгдэх болов уу?
-Өнөөдөр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа 12 аж ахуйн нэгж байна. Нэг нэгжид хоёр худалдагч, менежер, бусад хүмүүс гээд 30-40 хүний ажлын байр бий болсон. 2018 онд гэрээгээр газар эзэмшсэн хөрөнгө оруулагч 80 гаруй аж ахуйн нэгж манайд хөрөнгө оруулалтаа оруулна гэсэн чиглэлтэйгээр хамтран ажиллаж байна. Энэ хөрөнгө оруулагчид 2018 ондоо хөрөнгө оруулалтаа хийгээд үйл ажиллагаагаа эхлэх юм бол түүнийг дагаад сум орон нутаг болоод бүс нутагт төдий чинээ ажлын байр бий болох учиртай.
-УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АҮ-ийн сайд байхдаа ирэхдээ, эзэмшүүлэхээр гэрээ хийсэн газраа ашиглахгүй удаад байвал цуцал гэж үүрэг өгч байсан. Өнөөдөр ийм газар байна уу. Хэрвээ байгаа бол асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бол?
-Ерөнхийдөө чөлөөт бүс анх байгуулагдахад 170 гаруй аж ахуйн нэгж газар авсан байдаг. Бидний зүгээс газрын хууль батлагдсанаас хойш хуулийн дагуу аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлээ явуулахыг хүссэн албан тоотыг явуулсан. Ингээд үйл ажиллагаа явуулаагүй 70 гаруй аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцалсан. Эдгээр цуцалсан тухайн газар дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад тэнд үйл ажиллагаа явуулахаар зураг төслөө оруулж ирсэн дөрвөн аж ахуйн нэгжийг авсан.
-2018 онд тавьсан гол зорилго юу байна. ОХУ-ын болоод бусад орны иргэд чөлөөт бүсээр хэр үйлчлүүлж байна даа?
-Энэ онд бид ерөнхийдөө чөлөөт бүсээ өшөө цааш нь өргөжүүлээд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг эхлүүлэхийг тодорхой хэмжээнд шахаж шаардана. Мөн тэдний ажиллах таатай орчинг улам сайн бүрдүүлнэ. Өшөө барилга байгууламж нэмж барих, бүс нутгийн хөгжлийн чиглэлд ажлын байр нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. ОХУ-аас тодорхой хэмжээний иргэд орж ирж үйлчлүүлдэг. Тэд чөлөөт бүсийн хууль журмыг судлах зорилгоор орж ирдэг. Хилээр орж ирж байгаа хүмүүс чөлөөт бүс рүүгээ шууд наашаа орж ирэх урсгал байдаг боловч одоогоор боомтоороо дамжиж гараад Улаанбаатар хот бусад чиглэлд явчихаад эргэж ирэхдээ чөлөөт бүсээр дайрч орох явдал байна. ОХУ, Хятад, бусад орны иргэд чөлөөт бүсээр үйлчлүүлээд орсон явдал нэлээд бий. Чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх гэсэн иргэд бас сонирхож ирдэг.
-Чөлөөт бүс маань аймаг, орон нутагтай харьцахгүй, дээрээс удирдлагаар хангагдаж явдаг гэсэн. Одоо энэ маань хэвээрээ юу. Аймаг орон нутаг хийгээд ялангуяа Алтанбулагтай хэрхэн холбоотой, үр өгөөжтэй ажиллаж байна?
-Ерөнхийдөө манай бүсийн удирдлага нь тухайн яамандаа харьяалагдаад явдаг. Гэхдээ бид орон нутагтайгаа, удирдлагуудтай нь тодорхой хэмжээгээр уулзаж, ярилцаж, хамтран ажиллаж байгаа. Тухайлбал аймгийн Засаг дарга Ш.Оргил манай бүс дээр хэд хэдэн удаа ирсэн. Алтанбулаг сумын удирдлагуудтай байнга холбоотой байдаг. Ерөнхийдөө сум орон нутаг, тухайн бүс нутагтайгаа хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ, хөгжил ч ирнэ шүү дээ. Бид ирэх дөрөвдүгээр сард аймгийн Засаг дарга болон сум орон нутгийн удирдлагуутай уулзаж, тодорхой хэмжээний ажлуудыг хамтарч хийхээр төлөвлөсөн байгаа.
-Чөлөөт бүсийн хөгжилтэй сум орон нутгийн хөгжил хамаарна. Чөлөөт бүстэй болсноор Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум сайхан хөгжих нь гэж иргэд их л хүсэн хүлээж ирсэн. Энэ ард иргэдийн хүлээлтэнд хариу өгч, хэзээ үр дүнгээ өгөх бол. Удаад хүлээлгээд байдгийн шалтгаан юу юм бол?
-Иргэдийн хүсэн хүлээж байгаа чөлөөт бүсийн үйл ажиллагааг бий болгох тал дээр бид зүтгэнэ. Гэвч өнөөдрийн эдийн засгийн хүндрэл аж ахуй нэгжүүдэд нөлөөлөөд байна. Тэдний зүгээс үйл ажиллагаагаа тодорхой үе шаттай явуулж, хөрөнгө оруулалтаа хийе гэсэн хариу өгч байгаа. Дээр нь хамтарч ажиллаж байгаа төрийн байгууллагууд бусад байгууллагуудын уялдаа холбоог сайжруулаад, уян хатан нөхцөлд ажиллах юм бол бүх зүйл болно. Чөлөөт бүс маань ямарч татваргүй хөрөнгөө оруулна. Гаднаас импортоор ороод ирсэн болон бусад үйлдвэрлэгдсэн гурав хүртэлх сая төгрөгийн бараа татваргүй гарна. Иргэн аж ахуйн нэгжийн алинд ч үйлчилнэ. Харин архи тамхи л онцгой татвартай бараа бүтээгдэхүүн учраас хуулиараа зохицуулагдаад гарна. Манай хөрөнгө оруулагчид хуулийнхаа заалтыг сайн судлах юм бол манай чөлөөт бүс хөрөнгө оруулагчдад илүү таатай орчныг бий болгосон хууль гарсан байгаа шүү.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Эх сурвалж: www.montsame.mn