МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 03 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн “16.1, 16.4-т” гэснийг “16.1-д” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 16.5.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн цагдаагийн байгууллага гэснийг дотоодын цэрэг гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
3.1.6. худалдааг хөнгөвчлөх гэж олон улсын худалдааны үйл явц буюу худалдагчаас худалдан авагчид бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зураасан кодыг бүртгэх, төлбөр төлөхтэй холбоотой мэдээллийн урсгал, өгөгдөл, баримт бичгийг цөөлөх, хялбаршуулах, харилцан уялдуулах зэрэг үйл ажиллагааг;
3.1.7.“зураасан код” гэж бараа, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох давхардахгүй дугаарыг.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын хилийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 26.4 дэх хэсэг нэмсүгэй:
“26.4.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”
2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“26.3.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”
3 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД