“Алтанбулаг чөлөөт бүс”-д согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний төлбөр тогтоох тухай
Монгол улсын “Чөлөөт бүсийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.1 дэх заалт, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 4 дүгээр зүйл, 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. “Алтанбулаг чөлөөт бүс”-эд спиртийн сул агууламжтай болон спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хураамж, гэрчилгээний төлбөрийг хавсралтаар баталсугай.
Хоёр. Холбогдох хууль, журмын дагуу улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний төлбөр тооцоог хийж ажиллахыг Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч /Ө.Бат-эрдэнэ/-д үүрэг болгосугай.
Гурав. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий менежер /Х.Балжмаа/-т даалгасугай.
ЗАХИРАГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ П.ТОГТОХБАЯР
“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн
2015 оны ...... дугаар сарын ......-ны өдрийн
................ тоот захирамжийн хавсралт
ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
“Алтанбулаг чөлөөт бүс”-д согтууруулах ундаа худалдах, согтууруулах ундаагаар үйлчлэх хуулийн этгээд нь “Чөлөөт бүсийн тухай” хууль, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд заасны дагуу дараах хураамжийг төлөх үүрэгтэй. Үүнд:
1. Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход 1.000.000 төгрөг, сунгах, сэргээхэд тус тус 1.000.000 төгрөг
2. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход 300.000 төгрөг., сунгах, сэргээхэд тус тус 300.000 төгрөг.
3. Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход 1.500.000 төгрөг, сунгах, сэргээхэд тус тус 1.500.000 төгрөг.
4. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход 750.000 төгрөг, сунгах сэргээхэд тус тус 750.000 төгрөг.
Энэ хавсралтын 1 дүгээрт заасан тэмдэгтийн хураамж төлөгчид 2 дугаарт заасан хураамж, 3 дугаарт заасан тэмдэгтийн хураамж төлөгчид 4 дүгээрт заасан хураамж тус тус хамаарахгүй.
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэт цаас, эх бэлтгэл, хэвлэлтийн үйлчилгээ үзүүлсний төлбөр 10.000 төгрөг.
---оОо---