ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ТАТАЖ ҮЗЭХ>>>
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ
/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний байршил, удирдлагын эрх хэмжээ, хяналтын тогтолцоо, чөлөөт бүсэд мөрдөх татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хуулийн этгээдийн болон иргэний бүртгэл, хөдөлмөр эрхлэлтийн тусгай дэглэмийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомж
2.1.Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."чөлөөт бүс" гэж гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсгийг;
3.1.2."чөлөөт бүс дэх үйл ажиллагааны тусгай дэглэм" гэж хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг гаалийн татвар болон бусад татвараас хөнгөлөх, чөлөөлөх, шалган нэвтрүүлэх, бүртгэх, гаалийн хяналт тавих, чөлөөт бүсэд зорчих, хөдөлмөр эрхлэх хөнгөвчилсөн нөхцөлийн талаар энэ хуульд заасан тусгай зохицуулалтыг;
3.1.3."гаалийн нутаг дэвсгэр" гэж Гаалийн тухай хуулийн[2] 4.1-д заасныг;
3.1.4."гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт" гэж Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг;
3.1.5."тарифын бус хязгаарлалт" гэж Гаалийн тухай хуулийн 3.1.14-т заасныг;
3.1.6."худалдааг хөнгөвчлөх" гэж олон улсын худалдааны үйл явц буюу худалдагчаас худалдан авагчид бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зураасан кодыг бүртгэх, төлбөр төлөхтэй холбоотой мэдээллийн урсгал, өгөгдөл, баримт бичгийг цөөлөх, хялбаршуулах, харилцан уялдуулах зэрэг үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.7."зураасан код" гэж бараа, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох давхардахгүй дугаарыг;
/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.8."чөлөөт бүсэд зорчих" гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан болон хувийн хэргээр чөлөөт бүсэд нэвтрэхийг;
3.1.9."монголын бараа" гэж Гаалийн тухай хуулийн 3.1.2-т заасныг;
3.1.10."чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бараа" гэж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулсан нэмэгдсэн өртгийн 40-өөс дээш хувь нь чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт бий болсон барааг;
3.1.11.“эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж хил залгаа улстай тус тусын хилийн зурвас дахь газарт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ, ТАТАН БУУЛГАХ
4 дүгээр зүйл.Чөлөөт бүс байгуулах зорилго
4.1.Чөлөөт бүс байгуулах зорилго нь тухайн бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино.
5 дугаар зүйл.Чөлөөт бүс байгуулахад баримтлах зарчим, угтвар нөхцөл
5.1.Чөлөөт бүсийг байгуулахад төрөөс дараах зарчим, нөхцөлийг баримтална:
5.1.1.бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;
5.1.2.чөлөөт бүс байрлах бүс нутагт авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх буюу эдгээр дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой байх;
5.1.3.чөлөөт бүсэд ашиглах усны нөөц, эрчим хүчний хангамжтай байх;
5.1.4.хот байгуулалтын норм, дүрэм, стандарт, орон зайн нөхцөлийг хангасан байх;
5.1.5.чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, байгууллага итгэл үнэмшилтэй ажиллах таатай орчин, нөхцөл бий болгох;
5.1.6.байгаль орчинд ээлтэй байх;
5.1.7.бүс нутгийн тогтвортой хөгжил, орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх.
6 дугаар зүйл.Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох, үйл ажиллагааг нээх, түр хаах
/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.1.Монгол Улсад чөлөөт бүс байгуулах, түүний байршил, чөлөөт бүсэд олгох газар нутгийн хэмжээ, хилийн цэсийг тогтоох, өөрчлөх, татан буулгах, үйл ажиллагааны чиглэл, төрлийг тогтоох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
6.2.Чөлөөт бүсийг хилийн зурвас дахь газарт болон Засгийн газрын санал болгосон бүс нутагт байгуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.3.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил залгаа улстай эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэл, тэдгээрийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.4.Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, түр хаах асуудлыг Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.5.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг нээх, түр хаах асуудлыг энэ хуулийн 6.4-т зааснаас гадна хил залгаа улстай байгуулсан олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл бий болсон тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЧӨЛӨӨТ БҮСИЙН УДИРДЛАГА
7 дугаар зүйл.Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.1.чөлөөт бүсийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг боловсруулах;
7.1.2.чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах талаар санал боловсруулж, Засгийн газарт оруулах;
7.1.3.чөлөөт бүсийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах;
7.1.4.чөлөөт бүсийн үйл ажиллагааг жил бүр Засгийн газарт тайлагнах;
7.1.5.чөлөөт бүсийн талаарх төрийн зохицуулалт, үйл ажиллагаатай холбоотой төсвийг боловсруулах;
7.1.6.чөлөөт бүс дэх төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
7.1.7.чөлөөт бүсэд зээл, тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийг удирдлагаар хангаж, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
7.1.8.чөлөөт бүсийн хөгжлийн төсөл болон чөлөөт бүсийн талаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
7.1.9.чөлөөт бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батлах;
7.1.10.энэ хуулийн 21.1-д заасан Хөрөнгө оруулагчдын зөвлөлөөс санал болгосон төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулахад тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох.
8 дугаар зүйл.Чөлөөт бүсийн захирагч, түүний бүрэн эрх
8.1.Чөлөөт бүсийн захирагч чөлөөт бүсэд төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.
8.2.Хуульд өөрөөр заагаагүй бол чөлөөт бүсийн захирагчийг чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.3.Чөлөөт бүсийн захирагч ажлаа чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.
8.4.Чөлөөт бүсийн захирагч ажлын албатай байх бөгөөд уг ажлын албаны бүтэц, орон тоо, зардлын хязгаарыг Засгийн газар тогтооно.
8.5.Чөлөөт бүсийн захирагч тогтоосон загварын тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
8.6.Чөлөөт бүсийн захирагч эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд уг захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өөрчлөх буюу хүчингүй болгоно.
8.7.Чөлөөт бүсийн захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.7.1.чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар чөлөөт бүсийг төлөөлөх, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах;
8.7.2.чөлөөт бүсийн хөгжлийн хөтөлбөр, төсвийн төслийг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулах;
8.7.3.чөлөөт бүсийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл хийх;
8.7.4.чөлөөт бүсийн ажиллах хүчний болон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.7.5.чөлөөт бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн өмчийн барилга байгууламжийн ашиглалтыг хариуцах, хяналт тавих;
8.7.6.чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэлээс хасах;
8.7.7.чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах зөвшөөрөл олгох;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.7.8.энэ хуулийн 21.1-д заасан Хөрөнгө оруулагчдын зөвлөл болон бусад байгууллагатай хамтран ажиллах;
8.7.9.чөлөөт бүсэд гарал үүсэл нь тодорхой, барааны тэмдэг, зураасан кодтой барааг худалдах талаар аж ахуй эрхлэгчид шаардлага тавих;
8.7.10.чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт нийгмийн хэв журмыг сахиулах, галын аюулаас хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх зэрэг үйлчилгээг зохицуулж хэрэгжүүлэх;
8.7.11.чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, тамхи худалдах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу экспортлох зорилгоор уламжлалт технологиор үйлдвэрлэх согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газрын баталсан журмын дагуу олгох.
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтэс,Гэрээ эрх зүй хариуцсан мэргэжилтэн М.Намуун
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








