Монгол, Польш улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар “TINES CAPITAL” групп төмөр замын төсөлд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж улмаар 2014 оны 08 дугаар сарын 07 –ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнөөс “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс хүртэлх 25 километр төмөр зам барих төсөл дээр хамтран ажиллах санамж бичигт БНПУ-ын Краков хотын “TINES CAPITAL” группын Ерөнхийлөгч Томаш Шуба болон “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимидсүрэн нар гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл хэрэжсэнээр Алтанбулаг“ худалдааны чөлөөт бүсэд чингэлэгийн ачиж буулгах, шилжүүлэн ачих байгууламж барих, мөн Транс Сибирийн төмөр замтай холбогдож Евро Азийг холбосон хамгийн дөт төмөр зам бий болно. Энэхүү төмөр замын төсөлд дотоодын аж ахуйн нэгж компаниудыг түлхүү оруулахыг зорьж байна. Цаашид Европын холбооны улсууд чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ хүрээнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн 10га газарт Польшийн худалдааны төв байгуулах асуудал яригдаж байна. “TINES CAPITAL” групп нь Олон улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Европ болон Азийн зах зээлд илүү өргөн цар хүрээтэй ажилладаг. Бизнесийн гол чиглэл нь төмөр зам, аж үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлэх мөн дэд бүтэц, барилгын материалын шинэлэг технологи нэвтрүүлэх зорилготой. Тус группын салбар Польш, ОХУ, Казакстан, Украйн, болон Беларус улсуудад үйл ажиллагаа явуулдаг.