Чөлөөт худалдааны бүс стратеги семинар 2016”
“Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА дарга Х.Балжмаа оролцлоо.
БНХАУ-н Худалдааны яамнаас санаачилсан Шанхай хотноо 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж буй семинарт оролцлоо. Тус семинарын Монголын талын бүрэлдэхүүнд Чөлөөт бүсийн үйл ажиллагаанд тодорхой хамааралтай яам, агентлагийн төлөөлөл оролцож, Монголын талын багийг Х. Балжмаа ахаллаа.
Хятад, Монгол, Орос гурван улсын Төрийн тэргүүнүүдийн уулзалтаар хэлэлцсэний дагуу эдийн засгийн коридор байгуулах хүрээнд Хятадын Засгийн газар онцгой анхаарал тавьж, төслийнхөө хүрээнд өөрийн орны Засгийн газрын бодлого, чиглэл, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн хөгжлийн байдлыг газар дээр нь танилцуулах, туршлага хуваалцах зорилготойгоор энэхүү семинарыг зохион байгуулжээ.
АНУлс нь өөрийн байгуулсан TTP, TTIP олон улсын худалдааны байгууллагууддаа Хятад улсыг оруулахгүй байгаа нь Хятад улсыг худалдааны талаар явуулдаг бодлогоо шинэ шатанд гаргах шаардлага тулгарсан байна. Хятад улсын зорилго нь дэлхийд худалдаагаараа тэргүүлэх, юань-ийг олон улсын валют болгох юм байна.
Хятадын Засгийн газар өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан Шанхайн Чөлөөт худалдааны бүсийг олон улсын тэргүүлэх зэргийн толгой компаниуд төвлөрөн суурьшсан, өндөр инновацийг нутагшуулсан, валютыг чөлөөтэй сольдог, өндөр хяналттай, чадамжтай, хууль эрх зүйн орчин сайн, ил тод нээлттэй худалдааны туршилтын бүс байхаар төлөвлөн доорхи онцлогтойгоор хөгжүүлж байна. Үүнд:
- Чөлөөт бүсийн бодлого нь нээлттэй, хялбар, тэгш эрхтэй,
- Нэгдсэн хяналт, удирдлагаар хангагдсан “Нэг цэг”-ийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн, /Шанхайд нэг цэгээр 17 байгууллагын үйлчилгээг үзүүлдэг/
- Гаалийн баталгаат агуулахад бараа бүтээгдэхүүнийг найдвартай хадгалах, түгээх, засвар үйлчилгээ хийх нөхцөлөөр хангасан,
- Үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгосон,
- Банк санхүүгийн нээлттэй системийг бий болгож, гадаадын том банкнуудыг оруулан өрсөлдөөнийг чанаржуулсан.
- Чөлөөт бүсэд хэрэгжүүлэх боломжгүй үйлдвэрлэл, үйлчилгээний жагсаалтыг гарган мөрдүүлж, бусад бүх бизнесийн үйл ажиллагааг дэмждэг.
- Олон улсын арбитрын байгууллагыг ажиллуулж, иргэний болон бизнесийн маргааныг оновчтой, түргэн шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн,
- Олон улсын түвшинд ажиллах чадвартай, мэргэшсэн хүний нөөцөд маш их анхаарч, мэргэжилтнүүдийг татаж ажиллуулдаг.
Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулагдсанаар гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирэн Хятадын эдийн засагт шинэ дэвшил гарсан. Дэлхийн 500 топ компани тус бүсд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг.1 том компани орж ирэхэд 2000-аад ажилтан дагаж орж ирдэг тул Шанхайд 1м2 орон сууцны талбай үнэ 100 000 юаньд хүрсэн явдал энэ хөгжлийг дагаж үүсч байгаа сөрөг үзэгдэл юм байна.
Шанхай хот нь Чөлөөт худалдааны бүсээрээ дамжуулан банк, санхүүгийн төв болох зорилт тавьж, одоогоор Гонконгийг гүйцээд байгаа бөгөөд Хятад улсын төдийгүй дэлхий нийтийн Чөлөөт худалдааны “Жишиг бүс” болон хөгжиж байна.Цаашид хөгжил сул Хятадын хойд, зүүн хойд бүс нутагтаа Тианжин, ШанМэн, Хэнчин, Наншаа, Чианхай, Цончин гэсэн 7 газарт улсын доторх чөлөөт бүс байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
"Алтанбулаг" чөлөөт бүс нь эхлэлийн шатанд байгаа үед уг сургалтад сууж, туршлага судалсан явдал бидний цаашдын ажилд дэмжлэг болж, Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 12-зүйлд ”Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Монгол улс Чөлөөт худалдааны бүс байгуулахаар дөнгөж ажиллаж эхэлж байгаа бол Хятад Улс чөлөөт бүсийн талаар 30 жилийн туршлага хуримтлуулсан байна.Иймээс бид Хятадын 30 жилийн туршлагыг судалж, өөрийн оронд тохирохыг авч хэрэгжүүлэх тухайлбал, Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт хамгийн чухал байдаг тул олон улсын дүрэм, журамд нийцсэн тодорхой хууль дүрэмтэй, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдэд тэгш боломжийг бий болгосон, нэг цэгт төвлөрсөн хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйл ажиллагаатай байх шаардлагатай ба хориглох, хязгаарлах үйлдвэрлэл, үйлчилгээг нарийн тодорхойлж, чанд мөрдүүлдэг жишиг тогтоох шаардлагатай байна.
Чөлөөт бүс гэдэг бол зөвхөн татварын таатай бүс /орчин/ бус олон улсын банк санхүүгийн байгууллагуудыг хүлээн зөвшөөрсөн, өргөн хүрээтэй бизнес явагдах нөхцөл хангагдсан орчин байдаг юм байна.
БНХАУ-д Чөлөөт Худалдааны бүсийг хэрхэн хөгжүүлж байгаа туршлагаас харахад манай улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд Чөлөөт бүс нь онцгой шаардлагатай бөгөөд тухайн бүс нутгийн онцлог, түүх, зан заншилд нийцүүлэн тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай юм байна.
Иймээс дээрх мэдээллүүдийг үндэслэн Чөлөөт бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг дагуу “Чөлөөт бүсийн талаар төрөөс баримтлах бодлого,чиглэл”-ийг боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.Энэхүү бодлого,чиглэлд доорх зүйлсийг тусгах:
- Чөлөөт бүс нь ирээдүйн стратеги зорилтуудаа оновчтой, уялдаатай, цогц, ашигтай байхаар тодорхойлох
- Чөлөөт бүсийн талаар Хятадын 30 жилийн туршлагыг нарийвчлан судалж, өөрийн оронд тохирохыг авч хэрэгжүүлэх (хугацаа алдахгүй байх)
- Төлөвлөлтөө хийхдээ улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулах экспортод чиглэсэн үйл ажиллагааг дэмжих.
- Дэлхийн эдийн засаг бизнесийн чиг хандлагыг бодлогодоо тусгах.
- Өндөр технологи инновацийг дэмжиж нэвтрүүлэх,
- Зохистой харилцаа бүхий аж үйлдвэрийн тогтолцоотой байх
- Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь хөрөнгө оруулагч нарт тодорхой, ойлгомжтой байх /
- Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж болох үйлдвэрлэл,үйлчилгээний жагсаалтыг нарийвчлан гаргаж батлах
- Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх
- Үйлчилгээний салбарыг өндөр түвшинд хөгжүүлэх
- Чөлөөт бүсийг туршилтын хугацаагаар ажиллуулах /амьдрал дээр болж байгаа,болохгүй байгаа зүйлээ мэдэж дараа дараагийн шийдвэрээ гаргах/
- Маргааныг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой байх /арбитр/
- Засгийн газрын оролцоог багасгаж, худалдаа, гаалийн тогтолцоог хөнгөвчлөх, ухаалаг хяналтын системийг нэвтрүүлж, үр ашигтай, аюулгүй үйл ажиллагааны нөхцөлийг бүрдүүлэх,
- Чөлөөт бүсэд нэвтрэхэд хурдан шуурхай хялбар байх
- Банк санхүүгийн үйлчилгээ чөлөөт бүсийн зорилгодоо бүрэн нийцсэн байх
- Гадны орноос туршлагатай мэргэжилтэн урьж ажиллуулах,
- Тээврийн хэрэгслийн нэгдсэн бүртгэл бий болгох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг хялбаршуулах,
АЕО баталгааг авсан ААН байгууллагуудад итгэл хүлээлгэн, олон улсад харилцан хүлээн зөвшөөрөх, цаашид үйл ажиллагаа явуулахад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх.
Тус семинарын 11ш материал, танилцуулгыг "Алтанбулаг" ЧБ-ийн ажилчдад хувиарын дагуу танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдаж байна.