2016 оны 12 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын ээлжит 20 дугаар хуралдаан боллоо.
Хуралдааныг Монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын ОХУ-ын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тохиров.
Талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцож протоколд гарын үсэг зурлаа.
Хилийн Алтанбулаг-Хиагтын олон улсын авто тээврийн шалган нэвтрүүлэх боомтын тогтвортой үйл ажиллагааг хангахад хамтран ажиллах тухай протоколыг хоёр улсын гаалийн байгууллага ойрын хугацаанд байгуулахаар тохиров.
КОМИССЫН ПРОТОКОЛД “АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСЭЭС ОРСОН САНАЛУУД
2.17. Монгол улсын чөлөөт бүс болон ОХУ-ын хил орчмын бүс нутгийн хооронд барааны чөлөөт хөдөлгөөний нөхцөл байдлыг хангах боломжийг судлах зорилгоор, Ажлын баг бүрдүүлж ажиллуулах.
2.18. Монгол Улсын “Алтанбулаг” чөлөөт бүсийг ОХУ-ын Кяхта хоттой холбох шууд гарц нээх талаар боломжийг судлах.
2.19. Монгол Улсын “Алтанбулаг” чөлөөт бүсэд гурван талт тээвэр зууч, логистикийн компани байгуулах талаар хамтарсан хэлэлцээр явуулах, үүнд Азийн АН-3 чиглэлийн замын магистраль эрчимтэй ашиглах.
8.6 Монгол Улсын “Алтанбулаг” чөлөөт бүсэд хамтарсан логистикийн төв байгуулах мөн мод боловсруулах, хангамжийн үйлдвэрлэлийн төв байгуулах талаар.