2015 оны 6-р сарын 26-ны өдөр Аж Үйлдвэрийн Яам, МҮХАҮТ, Алтанбулаг Чөлөөт Бүсийн Захирагчийн Ажлын Алба, Алтанбулаг Чөлөөт Бүсийн Хөрөнгө Оруулагчдын Зөвлөл хамтран, “Алтанбулаг-2015 Эдийн Засгийн Чуулга Уулзалт”-ыг МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Тус чуулга уулзалтанд Аж Үйлдвэрийн Яам, МҮХАҮТ, Алтанбулаг Чөлөөт Бүсийн Захирагчийн Ажлын Алба, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газар, Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Тамгын Газар зэрэг төрийн байгууллагуудын 20 гаруй төлөөлөл, мөн Алтанбулаг Чөлөөт Бүсийн Хөрөнгө Оруулагчдын Зөвлөл, МҮХАҮТ-ын дэргэдэх Чөлөөт Бүсийн Хөрөнгө Оруулагчдын Нэгдсэн Зөвлөл болон 100 гаруй бизнес эрхлэгчид оролцов. Чуулга уулзалтаар чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт, газрын харилцааны талаар баримтлах бодлого, чөлөөт бүсийн танилцуулга, хил, хорио цээрийн хяналтын үйл ажиллагааны танилцуулга, гаалийн эрх зүйн харилцаа, татварын орчин, бүртгэл, хяналтын тухай болон цаашдын хөгжлийн төлөв зэрэг сэдвүүдээр төрийн байгууллагын төлөөлөл нар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэн санал бодлоо солилцлоо. Тус чуулга уулзалтын төгсгөлд МҮХАҮТ, Алтанбулаг Чөлөөт Бүсийн Захирагчийн Ажлын Алба, Алтанбулаг Чөлөөт Бүсийн Хөрөнгө Оруулагчдын Зөвлөлийн удирдлагууд чөлөөт бүсийг хөгжүүлэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, хууль журам,бодлого, хэрэгжүүлэлт, зохицуулалтын нэгдсэн нэг ойлголтонд хүрч хамтран ажиллах асуудлын хүрээнд “Алтанбулаг Чөлөөт Бүсийн Тунхаглал”-д гарын үсэг зурав.