"Алтанбулаг" чөлөөт бүс албан ёсоор нээлтээ хийгээд байнгын дэглэмд шилжин орсноос хойш анх удаа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсээр ажлын айлчлал хийлээ.
Энэхүү айлчлалын хүрээнд Элчин сайд Мурат Карагөзыг ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Огуз Куюумжу, Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Мустафа Фахри Угур, Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг TИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч проф. доктор Экрем Калан, түүний туслах Туран Жан, Турк-Монголын Аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Алтай болон Туркийн талын Дэд Тэргүүн Нусрет Каяа нар дагалдан явав.
Элчин сайд Мурат Карагөз хоёр улсын эдийн засаг, соёлын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн уулзалт хийх, “Алтанбулаг чөлөөт” бүсийн үйл ажиллагаатай танилцах, Элчин сайдын яамны олон нийтэд нээлттэй дипломат ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор энэхүү айлчлалаа хийсэн юм.
Элчин сайд Мурат Карагөз тэргүүтэй зочид төлөөлөгчид болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатын нарыг “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч Ч.Чимидсүрэн, Ерөнхий менежер Х.Балжмаа, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Батбаатар нар халуун дотноор хүлээн авч уулзлаа. Мөн тус чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Made in Turkey” төвөөр оруулан тэдний үйл ажиллагаатай танилцуулсан юм.
Элчин сайд энэ үеэр “Туркэд 19 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн том, хамгийн идэвхитэй нь “Эгэ” дэхь худалдааны чөлөөт бүс юм. Өнгөрсөн жилд Туркийн худалдааны чөлөөт бүсүүд дээр 3,5 тэрбум ам.долларын худалдаа хийгдсэн байна. Турк Улс худалдааны чөлөөт бүсийн салбарт илүү чөлөөт байдал, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай, итгэл найдвартай орчин бүрдүүлэх, илүү бага хүнд суртал буюу албан дамжлага гэсэн 3 бодлогыг баримталдаг. Бид энэ салбарт “Алтанбулаг” чөлөөт бүстэй хамтарч ажиллах, туршлага судлах боломжтой” талаар ярилаа.
Элчин сайд Мурат Карагез тэр хэлэхдээ “Алтанбулаг” чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, мөн хоёр улсын чөлөөт бүс хоорондын харилцаа, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллахдаа Бүгд Найрамдах Турк Улс бэлэн байгаа гэлээ.Түүнчлэн цаашид “Алтанбулаг” чөлөөт бүсийг Турк улсын аль нэг онцлого чөлөөт бүстэй холбож, ах дүүсийн харилцаа тогтооно гэж хэллээ. Харин “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч Ч.Чимидсүрэн хэлэхдээ Турк улсын хөрөнгө оруулагчид болон, бизнес эрхлэгчидэд үйл ажиллгаа явуулахад бүхий л бололцоо, бизнесийн таатай орчинг бүрдүүлж ажиллана, хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийллээ.
Элчин сайд Мурат Карагөз нь “Алтанбулаг” чөлөөт бүсэд айлчилсан анхны гадаад Элчин сайд боллоо.