МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Business breakfast" арга хэмжээний энэ оны анхны уулзалт нэгдүгээр сарын 25-ны өглөө болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн болон Эрчим хүчний сайд, Засгийн газрын яамд агентлагуудын төлөөлөл, МҮХАҮТ-ын удирдлагууд, Танхимын удирдах зөвлөлийн төлөөлөл болон хувийн хэвшлийг төлөөлж 300 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.
Бизнес эрхлэгчдийн хамгийн их сонирхож байгаа төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах, хоорондын уялдаа холбоог сайжруулах, чөлөөт бүсийн хуулийн хэрэгжилтийг хангах, мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, нефтийн үйлдвэр болон утаатай тэмцэх гэх мэт асуудлуудыг шийдэхэд төрийн бодлого ямар байх талаар бизнес эрхлэгчдээс тавьсан асуултад Ерөнхий сайд болон түүний танхимын сайдууд хариулт өгч боломж бололцоотойг нь нэн даруй шийдвэрлэх арга хэмжээ авсан үр дүнтэй уулзалт болж өнгөрөв.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч “Ангара дэвших трейд” ХХК-ийн захирал н.Туяа “Чөлөөт бүсийн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2,16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтууд нь хэрэгжихгүй байгаа талаар асуулга тавихад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур зэрэг чөлөөт бүсүүдийн асуудал байна. 2018 онд Замын-Үүд чөлөөт бүсийг нээнэ. Чөлөөт бүсийн бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 16 дугаар зүйлд заасанчлан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг оруулахад татвараас чөлөөлөх тухай хуулийн заалт хэрэгжих ёстой. Хуультай бол хэрэгжих ёстой. Сангийн сайд энэ асуудлыг анхааралдаа авч цаашид ажил үүргийн уялдаатай ажиллах хэрэгтэй” хэмээн тодруулга өгсөн.