Сэлэнгийн Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хилийн худалдаа өнгөрсөн оны зургадугаар сард нээгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ.
Худалдааны чөлөөт бүс байгуулах тухай яригдаж байсан ч ажил нь явалгүй сүүлийн 10 гаруй жилийг үдсэн учир үүнийг мянгуужингийн үлгэр мэтээр хүлээн авах хүмүүс олон байсан.
Тэгвэл уг худалдааны чөлөөт бүсийн хилийн худалдаа нээгдсэнээс хойш багагүй ажил хийгдэж, нүдэнд үзэгдэж, гарч баригдах олон хийгдэж, эрхзүй хуулийн орчин нь ч тогтворжиж, чөлөөт бүс жинхэнэ утгаараа хөгжих боломж бүрдсэн байна.
Учир нь өчигдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумаас “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс хүртэл бараа тээврийн зориулалттай 25 км-ын урттай төмөр зам тавих, түүний техникийн нөхцөлийг судлах, хамтран ажиллах Ажлын хэсэг Сүхбаатар өртөөнд анхны хуралдаанаа хийлээ. Энэ үеэр уг хуралдаанаас гарсан заавар судалгааны дагуу газар дээр нь очиж уг төмөр замыг Алтанбулаг худалдааны чөлөөт бүс хүртэл тавихад зам тавихад ямар асуудлууд тулгарч байгаатай танилцаж, дараагийн хийх ажлын төлөвлөгөөг гаргасан юм.
Уг Ажлын хэсгийг ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар гуравдугаар сарын 9-нд гаргасан тушаалаар байгуулсан бөгөөд Ажлын хэсгийг Зам тээврийн хяналтын хэлтсийн Төмөр замын тээврийн Хяналтын ахлах мэргэжилтэн Улсын байцаагч Т.Доржжанцан ахалж байв.
Энэхүү “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Сүхбаатар өртөөнөөс салаалан Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн талбай хүрэх салбар төмөр зам барих, техникийн нөхцөлийг судлан хамтарсан дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдааны эхэнд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн Захирагч Ч.Чимэдсүрэн уг төмөр зам барих нь ямар ач холбогдолтой талаар “Монгол улс болон Европ, ОХУ-ын хооронд төмөр замын транзит тээврийн асуудал чухал шаардлага асуудал болоод байна. Манжуур, Читийн чиглэлд явж байгаа бараа бүтээгдэхүүн Алтанбулагийн чөлөөт бүсээр дамжин ОХУ-ын Москва хот дахь Дубнагийн чөлөөт бүх хүртэл тээвэрлэх боломж бүрдэнэ.
Бид яалт ч үгүй шинэ хотжилт, шинэ худалдааны бүс бий болоод шинэ чөлөөт бүс жинхэнэ утгаараа ажиллаад эхлэхэд өдөртөө дор хаяж, урьдчилсан байдлаар 600 тонн ачаа бусад улсаар дамжин манайд тээвэрлэгдэнэ гэж төсөөлж байгаа. Авто замаар тээвэр хийхэд асуудал их гарна.. Харин төмөр замын ачаа тээвэр өөрөө хямд байдаг. Эх газрын боомт төмөр замын тээвэрт түшиглэдэг.
Цаашид манай худалдаа тээвэрлэлт өсөн нэмэгдэх хандлагатай байна. Евроазийг холбосон төмөр замын ачаа эргэлтийг сайжруулах, монголын төмөр замын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүд, үйлдвэрлэл, тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд нийлүүлэх, буцаагаад экспортлох бодлогын шинж чанартай үйл ажиллагаанууд дараа дараагийн Засгийн газар, Төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байгаа. Иймээс төмөр замыг байгуулах зайлшгүй шаардлага бий болж байна” гэв.
Харин Ажлын хэсгийн дарга Т.Доржжанцан “ТЭЗҮ-ээ маш сайн гаргах хэрэгтэйг сануулж, төмөр замын ажлыг эхлүүлэх, гарах газар чөлөөлөлтийн асуудлыг чухалчлан авч, саадгүй болгохыг анхааруулсан юм.
Ингээд хуралдааны төгсгөлд Сүхбаатар сумаас Алтан булаг худалдааны чөлөөт бүс хүртэл тавих төмөр замыг дөрвөн чиглэлээр тавих боломж байгаагаас хоёрыг нь судалж, яг аль вариантаар төмөр замыг тавихаа дахин судлахаар болсон юм.
Уг төмөр замыг Польшийн “TINES” капитал групп хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр болсон гэнэ. Амжвал, уг төмөр замыг энэ онд концессийн гэрээгээр байгуулах төлөвлөгөөтэй байгааг ажлын хэсгийнхэн хэлж байв.