Цуврал арга хэмжээний “Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Алтанбулаг” чөлөөт бүсийн хүрээнд олгогдох хөнгөлөлттэй нөхцөлүүдийг бид дүүрэн ашиглах нь хэрэгтэй байна гэж онцлон хэллээ. Мөн Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулах нь өнөөгийн шатны гол зорилт болж буйг онцолж, “Монгол–Орос–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэлээ.
Энэхүү цуврал арга хэмжээний зорилго нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр, засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг хэлэлцэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нөгөө улсын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэхэд оршиж байгаа юм.