ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын 100 гаруй бизнес эрхлэгчид чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах, улмаар бүсийн хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоож, хамтран ажиллах зорилгоор тус чөлөөт бүсэд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зочиллоо.
Мөн ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын талаас Монгол улстай хамтран ажиллах Бүгд найрамдах Буриад улсын сайд Чирипов Даба-жалсан Шагжиевич, Дархан аймаг дахь ОХУ-ын ерөнхий консул, Монгол талаас МУ-аас ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, дэд консул н.Батбилэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Т. Пүрэвсүрэн тэргүүтэй албаны зочид төлөөлөгчид оролцов.
ОХУ-аас хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчдэд “Алтанбулаг” чөлөөт бүсийн танилцуулга хийгдэж, тус чөлөөт бүсийн Захирагч Г.Ганзориг, чөлөөт бүсүүдийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Ч.Амарбаатар нар чөлөөт бүсийн давуу тал, боломжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн.
“Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд нь ОХУ-ын бизнес эрхлэгчидтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.