ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ТАТАЖ ҮЗЭХ >>>
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж
Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж нь Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
З дугаар зүйл. Газрын төлбөр төлөгч
Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.
/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4 дүгээр зүйл. Төлбөр ногдуулах газар
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.
/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5 дугаар зүйл. Газрын суурь үнэлгээ, түүнийг тогтоох зарчим
1. Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно.
2. Газрын суурь үнэлгээг тогтооход дараахь зарчмыг баримтална:
1/ хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээг тэдгээрийн зэрэглэл, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалтыг харгалзах;
2/ энэ хэсгийн 1-д зааснаас бусад газрын үнэлгээг ашиглах зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого зэргийг харгалзан тойрог бүрээр тогтоох.
3. Газрын нэгдмэл санг байгаль, нутаг дэвсгэрийн цогцолбор нөхцөлөөр хуваасан үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийг Засгийн газар тогтооно.








