Монгол Улс, Европын холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий "Европын худалдааны өдөрлөг-2019" өнөөдөр Туушин зочид буудалд боллоо. Уг арга хэмжээг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ЕХ-ноос Монгол Улсад суух Элчин сайд Траян Христэа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар үг хэлэв.
Европын холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (GSP+) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс жилд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй эскпортлох боломжтой. Гэсэн хэдий ч органик гоо сайхны бүтээгдэхүүн, сарлаг болон ботгоны ноос, чацарганы тос болон арьс ширийг тус зах зээлд гаргаж буй юм. Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн онд 13 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийснээс 7 тэрбум нь экспорт байжээ. Гэхдээ Европын холбооны зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнээс 100 сая ам.доллар олсон нь хэт бага үзүүлэлт гэдгийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд нээлтийн үеэр онцлов.
“People in Need” төслийн бүсийн захирал Марк А. Тассе нь “Монголын худалдааны чөлөөт бүсийн ашиг” тус сэдэвт танилцуулга илтгэлийг тавьсан. Тус илтгэлд чөлөөт бүсүүдийн стратегийн байршил, эрх зүйн болон хөрөнгө оруулалтын таатай орчин, тэдгээрийн боломж, хөгжихгүй байгаа шалтгаан нөхцөлүүдийн талаар экспертийн зүгээс гаргаж тайлбарласан.