ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ ТАТАЖ ҮЗЭХ >>>
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Газрын тухай хууль тогтоомж
2.1.Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."газар" гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг;
3.1.2."газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;
3.1.3."газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;
3.1.4."газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;
3.1.5."газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг;
3.1.6."бэлчээр" гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг;
3.1.7."газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг;
3.1.8."газар ашиглах эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг.
3.1.9."нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.10."нэгж талбарын хувийн хэрэг" гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбоотой цаасан болон цахим баримт бичгийн бүрдлийг.
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
3.1.11.“малчин өрх” гэж Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.2-т заасныг;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.12.“малчин өрхийн анхдагч холбоо” гэж Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.3-т заасныг;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.13.“бэлчээрийн даац” гэж тухайн бэлчээрийн ургамлын өсөлт, хөгжилт, нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр бэлчээж болох мал, амьтны тоогоор илэрхийлэгдэх бэлчээрийн чадавхыг.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
4 дүгээр зүйл.Төрөөс газрын талаар баримтлах зарчим
4.1.Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:
4.1.1.Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх;
4.1.2.газар төрийн хяналт, хамгаалалтад байх;
4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;
4.1.4.газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;
4.1.5.хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх.
4.1.6.газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.7.газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх.
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./








