“Олон Улсын Дистрибьютер-2019” арга хэмжээнд оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Бүгд Найрамдах Крым улсын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч С.Н.Кудрин, Монгол дахь ОХУ-ын Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев болон Эрхүү мужийн “Бизнесконтакт” компаний захирал А.А.Сидоров нарыг Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч Ж.Амаржаргал хүлээн авч уулзлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Бүгд Найрамдах Крым улсын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч дарга С.Н. Кудрин Монгол Улсын Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг ихэд сонирхож, Крым дахь эдийн засгийн чөлөөт бүс болон Алтанбулаг чөлөөт бүсийн хамтын ажиллагаа, цаашилбал Крым дахь Эдийн засгийн чөлөөт бүс-Алтанбулаг чөлөөт бүс-Замын-Үүд чөлөөт бүс-ээр дамжуулан Зүүн Өмнөд Ази гэсэн транзит тээврийн Коридор байгуулах тухай санал дэвшүүлэв.
Энэхүү транзит тээврийн Коридор байгуулагдснаар Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг Крымийн хойг дээр сурталчилан таниулах, экспортыг нэмэгдүүлэх боломж гарч байгаа юм. Мөн БН Крым улсын бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын Алтанбулаг болон Замын-Үүд чөлөөт бүс дээр бүс нутгийн иргэдэд ойртуулан таниулан харилцан хамтран ажиллах явдал нь Монгол Улсын, ОХУ-ын БН Крым Улсын худалдаа-эдийн засгийн хамтыг ажиллагааг шинэ түвшинд гаргах боломж нээгдэнэ гэж үзэж байна.
БН Крым Улсад үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбар их хөгжсөн. Дэд бүтэц сайтай, Хар тэнгис болон Азовын тэнгисээр хүрээлэгдсэн. Далайн дөрвөн том боомттой- Евпатория, Феодосия, Керчь, Ялта.
ОХУ-ын Крым дахь Эдийн засгийн чөлөөт бүс нь 2015 онд албан ёсоор нээгдэн байнгын дэглэмд шилжин ажиллаж чөлөөт бүсийн тусгай дэглэмийн зохицуулалтуудыг хэрэгжүүлж байна. Алтанбулаг чөлөөт бүс, ОХУ-ын БН Крым Улсын эдийн засгийн чөлөөт бүсүүд нь байнгын үйл ажиллагаатай бөгөөд татварын тусгай дэглэмтэй бүсүүд юм.
ОХУ-ын БН Крым Улсын Ялта хотноо 2020 оны 3-р сард зохиогдох Олон Улсын Эдийн засгийн форумд Алтанбулаг чөлөөт бүсийг оролцож, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг өргөжүүлэх тухайд санал тавилаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Бүгд Найрамдах Крым улсын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч С.Н.Кудрин, Крымын Эдийн засгийн чөлөөт бүстэй хамтран ажиллах тал дээр бүхий талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.