“ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРТ ЧӨЛӨӨТ БҮС ХОЛБОГДОХ НЬ” СЭДЭВТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ФОРУМ МҮХАҮТ-Д БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо болон Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум хэлэлцүүлэг 2020.01.16 нд боллоо.
Тус форумд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, МҮХАҮТ-ийн тэргүүн О.Амартүвшин, чөлөөт бүсүүдийн нэгдсэн зөвлөл, “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөл, яам, агентлагуудын төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Баяннуур хотын төлөөлөгч нар тус тус илтгэл тавилаа.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Дэлхийн аль ч улсад чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг төр бүрдүүлж, бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эрхэлж ашиг олох нь бизнесийн салбарын үүрэг байдаг. Монгол Улс чөлөөт бүсийг хөгжлийн гарц болгохын тулд бидэнд зоримог шийдвэр бодит хэрэгжилт хэрэгтэй” хэмээн онцоллоо.
Энэхүү форумаар, чөлөөт бүсүүдийн Захирагчид, чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчид бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөллүүд асуудлуудыг тал талаас нь ярилцан боломжийг тодорхойлж, шийдвэрлэх түвшинд хүргэх зорилгоор нээлттэй хэлэлцлээ. “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч 55 аж ахуйн нэгжийн 67 төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо.