Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд Аж Үйлдвэрийн Яам, Гадаад Хэргийн Яам, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын Алба болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулсан тус арга хэмжээ 2016 оны 05 дугаар сарын 21-22-ний өдрүүдэд “Алтанбулаг” чөлөөт бүсэд зохион байгуулагдлаа
Энэ удаагийн уулзалтаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах” гурван улсын хамтын ажиллагааны хүрээнд хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх,худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр чууллаа. Мөн тус чуулганы үеэр дэлхийн чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлага, чөлөөт бүсэд тээвэр, логистикийг хөгжүүлэх боломж, чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-руу бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж, нөхцөл, хөрөнгө оруулалтыг татах, экспорт, импортын гаалийн татвар зэрэг сэдвүүдээр салбар хуралдаанууд зохион байгуулсан.
Олон улсын форумын хүндэт зочдоор УИХ-ын гишүүн, Аж Үйлдвэрийн Яамны сайд Д.Эрдэнэбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, ОХУ-ын Буриад улсын Ардын Их Хурлын дарга Ц.Э.Доржиев, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч Г. Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүн Ч.Амарбаатар, Аж Үйлдвэрийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү нарын төлөөлөгчид оролцов.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн газар доторх шугам хоолой бэлэн болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн цэвэрлэх байгууламжтай холбох ажил энэ ондоо дуусгахаар ажиллаж байгааг энэ үеэр дуулгалаа. Эхний ээлжийн цахилгаан хангамж бэлэн болсон төдийгүй өргөтгөх боломжтой аж. Энэ мэтчилэн үндсэн дэд бүтцийн ажил дуусгавар болсон. Тус чөлөөт бүсэд “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба болон ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтаар томоохон худалдааны төв барьж, байгуулах төслийн ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр зорьж байна. Эх газрын боомт хот болон хөгжихөөр тэмүүлж буй “Алтанбулаг” чөлөөт бүсэд аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээг цогцлоож, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах чиглэлд Монгол Улс чармайн ажиллаж, гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чөлөөт бүсэд өрнөх боломжтой гэдгийг энэ удаагийн форум харууллаа.
"Алтанбулаг экспо 2016" олон улсын форум, үзэсгэлэнгийн үеэр Алтанбулагийн чөлөөт бүс рүү 2 хоногийн дотор давхардсан тоогоор 2830 гаруй тээврийн хэрэгсэл, 8935 гаруй гадаад, дотоодын зорчигч нэвтэрсэн байна. Мөн үндэсний 100 гаруй үйлдвэрлэгчид үзэсгэлэнд оролцож, бараа бүтээгдэхүүнээ борлуулсан байна.
|
|
|
|