“Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Х.Балжмаа оролцлоо.
Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Энэ жил Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг их том тоо. Ирэх 100 жил хоёр улсын хувьд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг цоо шинэ түвшинд гаргах ёстой. Цар тахал дэлхий нийтэд хөдөлгөөний удаашрал бий болгосон. Бид цар тахлын дараах үеийн эдийн засагт бэлэн байх нь чухал. Хасах 5.3 хувьтай байсан эдийн засаг өнөөдөр 6.3 хувьтай болоод байна. Одоо бүгдээрээ төр хувийн хэвшлийн түншлэлийн нэг хуудсыг хамтдаа бүтээе. Үүний тулд би гадаадын хөрөнгө оруулагч нараасаа уучлалт гуйсан. Бид гадаад хөрөнгө оруулагч нартай таагүй ханддаг гээд олон асуудал гаргасан. Одоо үүнийг өөрчилж, төр шийдвэр гаргахаасаа өмнө хөрөнгө оруулагчидтайгаа уулздаг болно. Цар тахлын хүнд үеийг давж, ДНБ-ээ хоёр дахин нэмэхийн төлөө ажиллана" гэлээ.
Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизов "Манай хоёр улсын хувьд хууль, эрх зүй, улс төрийн хувьд маргаан байхгүй. Монгол-ОХУ-ын харилцааны 100 жил хоёр улсын ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Хоёр улсын харилцааны шинэ зууныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад айлчилж байгаагаар эхлүүлж байна гэж ойлгосон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах хэлэлцээ хийсэн. Энэ удаагийн айлчлал 2019 оных шиг үр дүнтэй болоосой. Энэ нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө. Би Ерөнхий сайд таны хэлсэнтэй санал нэг байна. Манай хоёр орон улс төр, хүмүүнлэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөн. Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн хоцрогдолтой. Танай улсын худалдаа, эдийн засгийн харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин сайн. Тэгэхээр хоёр улсын худалдааны эргэлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд ямар саад бэрхшээл байна вэ. Нэгдүгээрт, хоёр улсын экспорт төстэй учраас зах зээл рүү ижил бараа бүтээгдэхүүн экспортолдог. Дээрээс нь худалдааны баланс алдагдсан. Жил бүр Монгол Улс ОХУ-аас нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортоор авдаг. Гэхдээ Монголоос гарч буй экспорт маш бага. Үүнд та бүхэн анхаарал хандуулаач. Нэн тэргүүнд хилийн бүс нутгийн худалдаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх. Энэ бүс нутагт Монгол Улсын худалдан авалтын 70 хувь бий. Тиймээс хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байна" гэлээ.
Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд өнөөгийн байдлаар 2003-2012 онуудад улсын төсвийн 26.5 тэрбум төгрөгийг дэд бүтцийн барилга байгууламжуудад хийгдсэн байна. Одоогоор 126 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 20 ААН байнгын үйл ажиллагаа явуулж 100 гаруй нэр төрлийн бүтээгдхүүнийг 15 улсаас оруулж ирэн худалдаалж байна. Мөн 63 компанийн 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Эдгээр аж ахуйн нэгжүүд 2008-2021 онд газрын төлбөр, хураамжуудаас 1,6 тэрбум төгрөг, 2017-2021 ондбусад татвараас 1,1 тэрбум төгрөг тус тус улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Уг чөлөөт бүсэд төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг гүйцэтгэх явцад түр ажлын байр 716 гаруй, байнгын ажлын байр 60-аад бий болсон байна.
Гаалийн хяналтын нэгдсэн Genetic системд холбогдож, цахилгаан хангамжийн өргөтгөлийн асуудлаа бүрэн шийдүүлэх төсөв хэрэгтэй байгааг Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Х.Балжмаа дурьдлаа.
Мөн Алтанбулаг чөлөөт бүсэд уг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэлээ. Үүнд :
- “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийг” бэхжүүлэн хөгжүүлэх хүрээнд экспортын чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд “Алтанбулаг” чөлөөт бүсийг “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” болгох тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж өгөх
- Төрөөс чөлөөт бүсийн талаар баримтлах бодлого боловсруулж батлах /чөлөөт бүсэд хэрэгжүүлэх боломжгүй хориглох үйлдвэрлэл үйлчилгээний жагсаалтыг батлах,зохистой харьцаа бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох (тоо заах), банк санхүүгийн нээлттэй системийг бий болгох гм/
- Дотоодын болон ОУ-н экспертуудыг урьж Монгол Улсын чөлөөт бүсүүд буюу “Алтанбулаг” чөлөөт бүсийн судалгаа хийлгэх. Хөрөнгө оруулах эдийн засгийн тэргүүлэх салбаруудын чиглэлийн дүн шинжилгээ хийлгэх, хөгжлийн шинэ боломжуудыг олж харах. /Дэлхийн чөлөөт бүсүүдийн нэгдсэн дата бааз байгуулж буй НҮБ-ын UNCTAD гм/
- Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийн бүрэлдээхүүнд орох,ОХУ-руу бараа бүтээгдхүүн нийлүүлэхэд татвар бууруулах боломжийг судлах.
- Дэд бүтцийн хийгдээгүй ажлуудыг цогцоор нь хийж дуусгах.
- Монгол улс, ОХУ-ын засгийн газраас чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой ААН, бизнес эрхлэгчдэд төрийн дэмжлэг үзүүлэх./3% зээлд хамруулах гм/