ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ТАТАЖ ҮЗЭХ >>>
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 10 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, тогтворжуулах татварын орчныг тогтоох, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж
2.1.Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг;
3.1.2."хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг;
3.1.3."гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг;
3.1.4."дотоодын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг;
3.1.5."гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг;
3.1.6."гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар" гэж итгэмжлэлийн үндсэн дээр төлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилготойгоор гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад байгуулсан хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг;
3.1.7.“тогтворжуулах татварын орчин” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.50-д заасныг;
/Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.8."татварын хувь, хэмжээг тогтворжуулах" гэж энэ хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд энэ хуулийн 13.4-т заасны дагуу нэмэхгүйгээр хэвээр хадгалах, эсхүл бууруулахыг;
3.1.9."татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ" гэж энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд энэ хуульд заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг /цаашид "тогтворжуулах гэрчилгээ" гэх/;
3.1.10."тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч" гэж энэ хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг;
3.1.11."гадаадын төрийн өмчит хуулийн этгээд" гэж нийт гаргасан хувьцааных нь 50, түүнээс дээш хувийг гадаад улсын төр шууд болон шууд бусаар эзэмшиж байгаа хуулийн этгээдийг;
3.1.12."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж Компанийн тухай хуулийн 99.1-д заасан этгээдийг.








