МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 02 сарын 08 өдөр Дугаар 49 Улаанбаатар хот
2023-2024 ОНЫГ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтад заасан "хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх", Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан "нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах" бүрэн эрхийнхээ хүрээнд ""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого"-ын "Засаглал"-ын зорилт, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын "Төрийн бүтээмжийн сэргэлт"-ын зорилтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын хөгжлийг боомилон сааруулагч гол хүчин зүйлс болох авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах нийгэм, эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж, авлига, хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, үл тэвчих хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэн бүх шатанд авлигыг таслан зогсоосны үндсэн дээр хүний эрхийг ханган нийтийн эрх ашгийг хамгаалж, хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлж эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласугай.
2.Авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан энэ тогтоолын хавсралтаар баталсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсугай.
3.Авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх авлигатай тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахыг иргэд, олон нийтэд уриалсугай.
5.Авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарт тус тус даалгасугай.
6.Авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, хамтарсан ажлын хэсэг байгуулах, шаардлагатай хүний нөөцийг татан оролцуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Засгийн газрын 2023 оны 02 дугаар
Сарын 08-ны өдрийн 49 дүгээр
тогтоолын хавсралт
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ТАВАН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Нэг.Шүгэл ажиллагаа
● Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар батлуулах;
● Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах;
● Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах.
Хоёр.Шүүр ажиллагаа
● Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
● Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх;
● Төрийн алба, төрийн өмчийг "шимэгчид"-ээс салгах;
● Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд, шуурхай шалган шийдвэрлүүлэх.
Гурав.Шувуу ажиллагаа
● Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх;
● Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
● Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах.
Дөрөв.Шилжүүлэн авах ажиллагаа
● Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах;
● Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх.
Тав.Шил ажиллагаа
● Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох;
● Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах;
● Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх;
● Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнесийг дэмжин хөгжүүлэх.
---о0o---