МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 сарын 05 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Хэвлэх
1.1.Энэ хуулийн зорилт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд оршино.
2 дугаар зүйл.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж
Хэвлэх
2.1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Гаалийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
Хэвлэх
3.1.Энэ хууль дараах харилцаанд хамаарахгүй:
3.1.1.ашиг олох зорилгогүй, хувийн хэрэгцээнд зориулан уламжлалт аргаар, байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн ашиглан согтууруулах ундаа үйлдвэрлэх;
3.1.2.зорчигчийн хувийн хэрэглээний согтууруулах ундааг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх;
3.1.3.олон улсын үзэсгэлэн, худалдаанд оролцох, бүтээгдэхүүний дээж, загварыг танилцуулах, эсхүл Монгол Улсын болон гадаад улсын эрх бүхий байгууллагад шинжлүүлэх, экспортлох болон импортлох тусгай зөвшөөрөл авах зорилгоор гаалийн хилээр нэвтрүүлэх.
3.2.Энэ хуулийн 3.1.2-т заасан согтууруулах ундааны нэр төрөл, гаалийн хилээр нэвтрүүлэх хэмжээг гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга тогтооно.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
Хэвлэх
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."согтууруулах ундаа" гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг;
4.1.2."согтууруулах ундааны эргэлт" гэж согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх болон түүгээр үйлчлэхийг;
4.1.3."хатуулаг" гэж согтууруулах ундаанд агуулагдах этилийн спиртийн хэмжээг эзлэхүүний хувиар илэрхийлсэн үзүүлэлтийг.








