УИХ-ын чуулганы 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг эцэслэн батлав.
Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх өндөр техник, технологийг нутагшуулах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, эдийн засгийг либералчлах зорилгоор анх 1995 онд “Эдийн засгийн чөлөөт бүсийн үзэл баримтлал”, 2002 онд “Чөлөөт бүсийн тухай хууль”, 2002 онд “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг тус тус баталсан. 2015 онд “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсан.
Улмаар 2021 онд тус хуулийн зарим нэр томьёоны болон зүйл заалт хоорондын зөрчлийг арилгах үүднээс нэмэлт өөрчлөлт оруулан Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн найруулж, боловсруулсан.
Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж хөрш зэргэлдээ орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болох боломж бүрдэж байгаа юм.