ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ТАТАЖ ҮЗЭХ >>>
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 17 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Хэвлэх
1.Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
1.2 дугаар зүйл.Зөвшөөрлийн хууль тогтоомж
Хэвлэх
1.Зөвшөөрлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1.3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
Хэвлэх
1.Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл" гэх/-тэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно.
2.Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна.
3.Хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
4.Энэ хууль доор дурдсан харилцаанд үйлчлэхгүй:
4.1.Монгол Улсын иргэнд газар өмчлөх эрх олгох;
4.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүнд цагаачлан оршин суух зөвшөөрөл олгох, гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгох буюу Монгол Улсын виз олгох, Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг олгох, олгосон виз, визийн зөвшөөрөл, зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
4.3.хурал, цуглаан, жагсаал, нийтийг хамарсан бусад арга хэмжээ зохион байгуулах;
4.4.патент, зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн болон газар зүйн заалт, барааны тэмдэг эзэмшигчийн эрх олгох;
4.5.Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар байгуулах;
4.6.сүм, хийд буюу шашны байгууллага байгуулах;
4.7.холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдээс бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох;
4.8.хуульд Монгол Улсын Их Хурлаас олгохоор заасан зөвшөөрөл.
4.9.цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Хүн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр төрийн байгууллага, албан тушаалтан, бусад эрх бүхий этгээдээс дүгнэлт, батламж, тодорхойлолт гаргуулах харилцаанд энэ хууль хамаарахгүй.
6.Энэ хуульд заасан зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн байгууллага хооронд зөвшөөрөл авах, олгох харилцаанд энэ хууль хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./








